Шөнийн амьдрал өглөө гиеүрэхийн гол шалтгаан

 

Сүүлийн үед хүмүүсийн дундаас зав чөлөөтэй хүнийг олж харахад их хэцүү болжээ. Маш хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд сайтар дасан зохицох ёстой бөгөөд бизнес эрхлэгч ч бай, оюутан ч бай хурц өрсөлдөөний нөхцөлд чөлөөтэй байж чадахгүй байна. Өөрчлөлт болон өрсөлдөөн нь янз бүрийн стрессийг бий болгож, түүнийгээ тайлж чадахгүй хүмүүс архи ууж, тэгээд шартсаны улмаас маргааш өглөө нь бие эвгүйрхэхээс гадна ажил төрөл дээрх зөрчил зэргээс болж дахин стресстэй болдог.

Орчин үеийн стресс янз бүрийн хэлбэртэй болсноос түүний хэр хурцадмал шинжтэй вэ гэдгийг мэдэрч болно. Урт удаан хугацааны турш ажилдаа л зөвхөн улайран суусаар байтал найз нөхөд ч холдон одож, гэр бүлийнхэнтэйгээ ч гэсэн хөндий харилцаатай болох нь цөөнгүй. Сэтгэл тэвдсэн эдгээр хүмүүст өөрийн бүх зүйлийг зориулсан ажлаасаа өөр найдаж түших газар байдаггүй. Гэсэн хэдий ч ямар нэг байдлаар ажил дээрээ ч байр суурь нь багасан, шахагдаж байна гэсэн сэтгэгдэл төрөхийн сацуу ажлынх нь газрын бусад хүмүүс түүнийг хэрхэн үнэлж байгаа бол гэсэн түгшүүртэй бодол сэтгэлийг нь зовоож эхэлнэ. Энэ бодол хурцдах юм бол бусад ажилчид өөрийнх нь талаар хэрхэн бодож санадаг болохыг мэдэхийн тулд үйлчилгээний албанаас судалж өгөхийг хүртэл хүсдэг тохиолдол бий. Энэ бол өрсөлдөөнт нийгмийн бий болгосон бидний гунигт дүр зураг мөн. Үүнтэй төстэй нэг тохиолдол бол "ажлын хоригдол эмгэг " гэж нэрлэгддэг стрессийн хам шинж өвчин байдаг. Энэ нь ажлынхаа газар өөрийгөө хорьж сууна гэсэн үг юм.

Ажлаасаа өөр газарт амьдралын утга учир ба үнэ цэнийг олж хардаггүй, ямар нэг хэлбэрээр оюун санааны хувьд цэнгэл эдэлж чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бас компьютертэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн дунд тоног төхөөрөмжтэй харьцсаар байгаад дасал болчихсон тул хүмүүстэй санаа бодлоо хуваалцахаас аль болох зайлсхийдэг хүмүүс бас байдаг. Машин хүн болж орхижээ гэсэн утгаар "техно стресс" гэж нэрлэдэг.

Ийнхүү янз бүрийн стресс дундаас ерөнхийдөө хамгийн их элбэг бөгөөд хурцадмал шинжтэй нь "өглөөний гиеүрэл" юм. Өглөө гиеүрнэ гэдэг нь оюун санааны саруул байдалд ноцтой аюул бүхий дохио болдог төдийгүй бүхэл өдрийн ажлын үр дүнд ч туйлын муу нөлөө үзүүлдэг.

Зуны амралт юмуу баяр наадмын амралт дуусаад ажилдаа очих өдөр, эсвэл улирлын амралтын дараа дахин хичээлдээ очих анхны өдөр сэтгэл түгшиж, гиеүрэх нь хэнд ч гэсэн тохиолддог. Ихэнхи хүмүүс ажилдаа очсоны дараа ажил төрөлдөө анхаарлаа төвлөрүүлж чадалгүй наанадаж нэг хоёр өдөр болдог. Энэ нь элбэг тохиолддог учир нэг их хурц асуудал биш. Харин гурав болон түүнээс дээш олон өдөр өнгөрөөд байхад уг шинж тэмдэг үргэлжилсээр байх нь бий. Ийм тохиолдлыг гиеүрэх өвчний эхлэл гэж үзэж болно.

Цаашилбал, өглөө бүр ажилдаа явах нь "тамтай" гэж хэлдэг хүмүүс ч багагүй байдаг. Энэ тохиолдол бол тун ноцтой өглөөний гиеүрэл мөн. Ийм стресст баригдсан хүмүүс улам өсөх хандлага ажиглагдаж байна. Эдгээр хүмүүс өдрийг идэвхгүй сүр жавхаагүй өнгөрөөж байгаад орой үдшийн цагаар архиар гиеүрлээ аргадах юмуу өөрийн дур сонирхолтой зүйлдээ хэтэрхий шунан улайрч бодит байдлаас зайлсхийх гэсэн хандлага гаргадаг. Тэгээд бүр орой унтаж, өглөө арайхийн босоход нөгөөх бодит байдал нь ерөөсөө юу ч өөрчлөгдөөгүй тэр чигээрээ байхуйд дахин гиеүрсэн сэтгэлд автан татагдах мэт өдрийг эхэлдэг.

Ийм тохиолдолд нарийн мэргэжсэн эмчилгээ сувилгаагаар эмчлүүлэх нь зүйтэй бөгөөд бас стресс тайлах өөрийн гэсэн сайн аргыг олох нь нэн тустай. Гэхдээ энэ бүхний өмнө зоримогоор шөнийн амьдралаа зогсоох хэрэгтэй. Ямар ч өөрчлөлт шинэчлэлтий авчирч өгдөггүй, "бодит байдлаас зайлсхийх" тэрхүү шөнөөс ангижрах хэрэгтэй. Мөн тайван байж тухайн өдрийн хэрэг явдал, сэтгэл санааг сайхан гэгч нь цэгцлэн дүгнэх цаг болгож өөрчлөхийг оролдоод үзээрэй. Таны өглөө аажим аажмаар өөрчлөгдөж байгааг та мэдрэх болно. "Өглөөний хүн" ном-с

Сэтгэгдэлүүд:

1. holiin hun (зочин) | 2009-06-10 19:49:14
bodoh l heregtei asuudal bn daa.bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.